СОНИ сонирхолтой ном уншигч

2012-02-03,18:29

За сайн байцгаана уу? Олон жил уулзалдаагүй юм байна баярлах Төгөлдөр андын эхлүүлсэн Ebook reader хэмээх цаасан дээр биш харин электрон гүйлгэж ном уншдаг ид шидтэй төхөөрөмж дээр кирил номыг Ө-нөөх Ү-нэд орсон хоёр үсэгтэй нь уншдаг болгож байгаа аянд дагалдаж үүнийг бичив.

Уул шугамандаа бол…

Их өргөн тархаж байгаа гурван төхөөрөмжүүд болох Nook Simple Touch, Sony Reader eBook PRS-T1 болон Amazon Kindle Touch нар нь гурвуулаа линукс үйлдлийн системтэй ч эхний хоёр дээр нь бидний байнга сонсоод байгаа андройд ажилладаг байхад, сүүлийнх дээр нь амазоны өөрсдийнх нь өөрчилсөн линукс зүтгэж байдаг юм байна. Төгөлдөр эхний этгээд болох Нүүкийн гэдэс гүзээг задалж хэрхэн эд бад хийснээ харуулсан болохоор хоёр дахийг нь би хэрхэн "оролдсоноо" энд бичихээр шийдлээ.

Үнэндээ бол чин үнэнгээсээ нууж хаалгүйгээр шударга эр хүн шиг энээ тэрээгүй яс яг таг шууд гараад нүүр нүүрээ харж байгаад зүрх сэтгэлээсээ ярих юм бол байна ш дээ тээ: зөвхөн ном уншина гэсэн хүнд бол оролдоод байх шаардлага бараг байхгүй эд.

Оролдох болсон нь:

  • Сони-гоос ирсэн ном уншдаг програм нь таалагдсангүй.
  • Dropbox суулгачихвал тэнд тавьсан номнуудаа уншдаг баймаар.
  • Нэг л хөлс гараад сонин байна

гэсэн "хөгийньquot; тайлбар тавьж оролдохоор шийдсэн билээ баярлах

Урьдчилсан уншлага

Юун түрүүнд уншаад үзэх хэрэгтэй хоёр хуудсыг толилуулъя:

Орос хэлтэй хүн бол хоёр дахь холбоосыг нь гүүгл гуайн орчуулсанаар биш эх хэлээр нь унших хэрэгтэй болов уу. Миний хувьд бүх үйлдлийг алимтай машин дээр хийсэн бөгөөд бүндөүс үйлдлийн систем хэрэглэхгүй бараг арваад жил болсон тул тийм машин дээр хэрхэн хийхийг нь хуурай орчуулаад тавив. Линукс машин дээр нэмэлт жижиг сажиг алхам хийх хэрэгтэй байх. Тэрийг туулсан хүмүүс нь энд залруулж бичнэ байх аа.

Ингээд rooting буюу төхөөрөмж дээрээ бүдүүн даргын эрх авах ажиллагаагаа эхэлцгээе.

Нэг амьсгаагаар

За би нэгэн сайн эр болж хийх зургаан алхамуудыг нэг амьсгаагаар дуржигнуулъя!

  • Нэг: Суулгах пакетаа татаж авах ( миний хувьд хоёр дахь холбоос дээрх хуудасны Installation packages хэсэгт буй эхний хоёрын аль аль нь болж байсан )
  • Хоёр: Төхөөрөмжөө юсб-гээр залгаж Data Transfer Mode горимд оруулж READER гэсэн дискийг таниулах
  • Гурав: Татаж авсан пакетуудаа READER диск дээр хуулах
  • Дөрөв: Төхөөрөмжөө бүр мөсөн унтраах
  • Тав: Home болон Menu гэсэн хоёр товчийг нь дарж байгаад асаах товчоо дарж асаагаад эхлэл цонхон дээр opening books гэсэн бичиг гартал өнөөх хоёр товчоо дарсаар байж байгаад суллах (ойролцоогоор арван таваас хорин секунд )
  • Зургаа: Төгсгөлд нь пакетууд суугдаж, төхөөрөмж өөрөө шинээр ачаалагдах бөгөөд энэ үед бүрэн rooting хийгдсэн байх болно.

зээ тэгээд би өнөөх нэгэн сайн эр болж Бүндөүс машин дээр суух алхамуудыг өмнөх амсьгаагаа таслахгүйгээр үргэлжлүүлэн хэлье!

  • Хоёр хагас: Төхөөрөмж дээрээ usb ээр залгаж Data Transfer mode горимонд оруулаад Бүндөүс дээрээ дискнүүд танигдтал хүлээх
  • Гурав: Задалсан пакет доторх flashreader.bat файлыг ажиллуулах
  • Дөрөв: Юм асуувал Agree (Y) гэж Y товч дээр дарж зөвшөөрөх
  • Дөрөв хагас: Хүлээх
  • Тав: 15-20 минут хүлээгээд төхөөрөмж хэвийн ажиллах горимд орохгүй бол (AWD Launcher хэмээх цэс гарч ирэхгүй байвал) буцааж сэргээх алхамыг хийх хэрэгтэй.

( Ийнхүү агаар дутагдлын улмаас ухаан алдан унавай … )

Чимх чимхээр

Суулгах пакетаа татаж аваад (зип файл байгаа) задлахад sdcard гэсэн сан доторх хоёр сан (tmp, updates) бас sdcard сантай зэрэгцэж байрласан PRS-T1 Updater.package файл гурав бол гол хуулагдах ёстой гурван файл нь юм.

ЮСБ ээр залгаад Data transfer mode горимд төхөөрөмжийг оруулахад компьютер дээр SETTINGS, READER гэсэн хоёр диск танигдаж ирнэ. READER дискэн дээр PRS-T1 Updater.package файлыг tmp, updates хоёр сантай хамт хуулна. (Анхаар: sdcard сан биш харин түүн доторх tmp,updates хоёр санг READER дискэн дээр хуулна )

Хуулж дуусаад танигдсан дискээ компьютерээс салгана (Алим дээр бол CMD+e товч дарж танигдсан төхөөрөмжүүдийг салгадаг). Төхөөрөмж дээрх Settings цэсэн дээр буй унтраа гэсэн цэсийг сонгож унтраана. ( ЮСБ залгуураа салгаж болно.) Home ба Menu гэсэн хоёр товчийг зэрэг дарж байгаад асаах товчийг дараад авахад (өмнөх хоёр товчоо дарсан хэвээр байлгана) төхөөрөмж асаж эхлэх бөгөөд opening books гэсэн цэс гартал ойролцоогоор арван таваас хорин секунд өнгөрөөд дарж байсан хоёр товчоо суллана. Ингээд rooting зөв хийгдсэн бол хоёр цэс сонгогдохоор харагдах болно. Тэрний нэг нь Awd Launcher буюу андройд цэс рүү хөтлөх цэс мөн бөгөөд тэрэн дээр дарж андройд систем рүү орох нь тэр дээ. Хэрэв хоёр дахийг нь сонгох юм бол ердийн сони-гийн програм руу ороод явчихна. Нэг ёсондоо танд андройд систем рүү юу эсвэл сони-гийн өөрсдийнх нь оригинал програм руу орох уу гэсэн хоёр сонголт байгаа гэсэн үг.

Яагаад ч юм шинээр суусан пакетуудын зарим файл нь системийн үндсэн атаманд захирагдахгүй зөрчилдөх шалтгаанаас болж төхөөрөмж гацах, алдаа заах гэх мэт сөрөг мэдээлэл их байгаа тул найдвартай нь дээр гээд хэрэглэх гэсэн програмуудаа андройдынхоо settings буюу тохируулга руу орж байгаад устгаад дахин суулгах хэрэгтэй. Root explorer гэж дискэн дээрх файлуудыг харж болдог програмыг нээгээд /updates/data/app сан дотроос дахин суулгах пакетуудаа олж суулгаарай. Миний хувьд cool reader хэмээх ном уншдаг програмаа устгаж /updates/data/app/cr3.0.55-19.apk ийг дахин суулгаж байж алдаагүй ном уншдаг болсон (cr3.0.xxx гэсэн хэд хэдэн хувилбар давхар ирсэн байгаагаас хамгийн сүүлийнхийг нь сонгов).

Интернэт холболтоо тохируулчихаад Dropbox эрхээ тохируулж дууссанаар их эд бад ажиллагаа өндөрлөсөн гэжээ.

ӨӨӨөөө… ӨнӨӨх ҮмбҮҮ ӨтӨнд ордог Ө Ү байхгҮй шҮҮ…

Кирил үсгээр бичсэн монгол номнуудыг нээхэд сони-гийн анхдагч ном уншдаг програм болон cool reader дээр ӨнӨӨх Үнэ хҮндтэй хоёр (өү) зөв дүрслэгдээгүй бөгөөд cool reader дээр Menu товч дээр дарж Options гэсэн нэмэлт сонголт дээрх Font Face гэсэн харуулах фонтны тохиргооноос Droid Sans юмуу Droid Serif хоёрын аль нэгийг сонгосноор үнэтэй хоёр үсэг маань дуртай дургүй нэг юм үзэгдэж санааг минь амраав.

ШИНЭЧЛЭВ: READER дискэн дээр fonts гэсэн сан үүсгээд тэндээ дуртай ttf фонтоо хуулаад шинээр ачаалахад Cool Reader дээр нэмсэн фонтоо сонгож болж байна.



Ээ баларааа….

Дараах зааврыг зөвхөн бүх юм дампуурч буруу эргэсэн тохиолдолд төхөөрөмжөө үйлдвэрээс суулгасан горимд аваачихад хэрэглэнэ. Ингэхийн тулд нэмэлт micro-SD карт хэрэгтэй бөгөөд тэрэн дээрээ sdcard-rescue.zip файлыг татаж авч задлахад дотор нь OS Firmware гэсэн сан бий. Уг санг яг тийм нэртэйгээр нь картан дээр хуулчихаад төхөөрөмж рүүгээ картаа зоох хэрэгтэй. Хэрэв төхөөрөмж унтраагүй, эсвэл унтраах боломжгүй гацсан байх аваас RESET дээр дарж шинээр ачаалах хэрэгтэй (гэхдээ… дараах хоёр товчийг дарна). Ингээд шинээр ачаалахаасаа өмнө өнөөх хоёр HOME, MENU товчийг дарж асаагаад (бас л ойролцоогоор хорин секунд) opening books цэс гарч тогтворжих үед хоёр товчоо сул тавина. За тэгээд л хүлээгээд л байна шүү дээ… хүлээгээд л байна… хүлээгээд л … таваас арван минутын дараа өөрөө асаагүй байх юм бол RESET дээр дарж шинээр асаана. Ингээд л анхны горимон дээрээ очих нь тэр. Хор шар буцалж байвал ахиад л нөгөө рүүтлэх пакетаа суулгаад бүтэлгүйтвэл энэ зааврыг дагаж сэргээгээд ахиад л шар хөдөлж байвал … эргүү юм шиг эргэлдээд л … Амжилттай сэргээсэн бол micro-SD картан дээрх OS Firmware санг устгах юмуу нэрийг нь өөрчлөхгүй бол ёстой жинхэнэ эргэлдээд л байна шүү баярлах

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор

Монгол хэл дээр epub юмуу mobi хэлбэрээр ном татаж авч болох хоёр хуудас (Мэдээж та өөр хуудас мэдэх бол нэмэрлээрэй баярлах

Конец первой серии

Бага байхдаа зурагтаар гараад дуусаж байгаа киноны төгсгөлд ийм бичиг гарвал "яагаад ч юм зөнгөөрөө" үргэлжлэл байгаа юм байна гэж мэдээд хөөрдөг байж баярлах Уншигчдаас өөр ebook reader-ийг хэрхэн эд бад хийсэн холбоосоо мэдээлэхийг хүсэхийн ялдамд болсон болоогүй дүрэмтэй кирил бичигт төгсгөл тавьж жинхэнэ монгол бичигтэй ном уншиж бичдэг болох сайхан цагийг ерөөж энэ тэрлэлийг цэглэв.

Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2510 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)